В.Путин, А.Меркель нар өнөөдөр уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-02 09:11:49

МОСКВА./TASS/. Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзан терроризмтой тэмцэх, Ойрхи Дорнодын байдал, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийнэ” гэж тус хэвлэлийн албаны мэдээнд өгүүлжээ. Германы Засгийн газрын тэргүүн хоёр жил завсарласны эцэст ОХУ-д айлчлах болсон шалтгаан нь энэ оны 7 дугаар сард Гамбург хотод болох “Их 20”-ийн уулзалтанд бэлтгэх явдал ажээ.

Үүний сацуу олон улсын тулгамдсан асуудлууд хоёр улсын удирдагчдын анхаарлын төвд байх болно. 2014 оны Украины үйл явдлууд болохоос өмнө ойр ойрхон уулздаг байсан төрийн тэргүүн нар сүүлийн гурван жилд анх удаагаа хоёр талын харилцааны ирээдүй, тэр дундаа эрчим хүч, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар тодорхой ярилцах юм.

“Олон улсын гол гол чухал асуудлыг, тухайлбал терроризмтой тэмцэх, Ойрхи Дорнодын байдал, Украины хямралыг гэтлэн давахад чиглэсэн Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцахаар төлөвлөж байна” гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт айлчлалын талаар мэдээлэхдээ, Канцлер Меркель Ерөнхийлөгч Путинтэй Украины байдал, Сирийн мөргөлдөөн, Ливийн улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн ярилцана гэв. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр үе шаттай хэлэлцээ хийх ба хэлэлцээний завсарлагаар сэтгүүлчидтэй уулзана гэдгийг Ш.Зайберт мэдээллээ.
О.Барс 

 

 

 

 

Холбоотой мэдээ