Сэлэнгэ түмэн бахархалт хүүгээ хөшөөнд мөнхөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 21:53:08

Монгол Улсын гавьяат тамирчин, 1980 оны Москвагийн олимпын хүрэл медальт, 1978 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 1981 оны Дэлхийн цомын мөнгөн медальт, 1981 оны Дэлхийн оюутан залуусын Универсиад наадмын хүрэл медальт, Олон Улсын тэмцээний 17 удаагийн аварга, Монгол улсын 12 удаагийн аварга, Д.Оюунболд агсанд зориулсан дурсгалын хөшөө 10-р сарын 24-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордны урд талбайд сүндэрлэн бослоо.

Сэлэнгэ аймгаас төрсөн олимпийн цорын ганц медальтан Д.Оюунболд БНМАУ-ын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 12 алт, нэг мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон түрүүлсэн давтагдашгүй гайхалтай амжилтыг үзүүлсэн нэгэн билээ. Тэрээр ийн 12 жил түрүүлэхдээ 9 жил нь завсаргүй дараалан Улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн амжилтын эзэн, алдар бөх юм. “Бөмбөрцгийн бөх” хэмээн алдаршсан Д.Оюунболд агсаны бас нэгэн гайхамшигт амжилт бол Олимп, ДАШТ, Дэлхийн цом, Дэлхийн Оюутан залуучуудын Универсиад наадам гэсэн дөрвөн том тэмцээнээс медаль хүртсэн Монголын Чөлөөт бөхийн цорын ганц бөх юм. Тэрээр 1980 оны олимпид 13.5 кг хасч, тамирчин хүний тэсвэр хатуужлыг харуулан медаль хүртсэн нь одоогоор монгол улсын олимпид орсон тамирчдаас хамгийн олон кг хассан үзүүлэлт ажээ.

Сэлэнгэ түмний бахархал болсон бөх Д.Оюунболд 1997 онд Улаанбаатар хотод өөрийн багш С.Магсар, Ч.Дамдиншарав нартай хамтран олимп, дэлхийн алдартан төрүүлэх зорилготойгоор чөлөөт бөхийн “Хангай” клубыг үүсгэн байгуулж, шавь нараа системтэй бэлтгэлд хамруулж эхэлжээ. Мөн бөхийн клубээрээ дамжуулан үндэсний бөхийн хойч үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан юм. Өнөөдөр түүний үүсгэн байгуулсан “Хангай” клубээс Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, гарьд Н.Ганбаатар, харцага Ж.Амартүвшин, начин Д.Лхагвадорж, Л.Гантулга нарын бөхчүүд төрөн гарчээ.

Алдарт бөх маань мөн Монголд чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг анх бэлтгэх ажлыг эхлүүлсэн гавьяатай дасгалжуулагч юм. Түүний эмэгтэй шавь нараас өсвөрийн анхны ААШТ-ийн мөнгөн медальт А.Чанцалдулам, 55-кг-ын жингийн анхны Азийн аварга Н.Отгонжаргал, ДАШТ-ийн хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Одончимэг тэргүүтэй шилдэг бөхчүүд тодорчээ. Ийнхүү алдар нь мөнхөрч, үйлс нь бадамласан гавьяатай хүнийхээ дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүллээ.

Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнtбат, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга, Д.Оюунболд агсаны гэргий, үр хүүхдүүд, ах, дүүс, төрөл төрөгсөд, нутгийн зон олон оролцлоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ