Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 09:29:42

УИХ-ын дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “А” танхимд эхэлж, 2016 оны төсвийн төсөл болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Мөн цагт Төрийн байгуулалтын байнгын хороо “Б” танхимд хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 10.00 цагт хуралдаж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх аж.

Үдээс хойш буюу 14 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, 2016 оны төсвийн төсөл, Монгол Улс байнга төвийг сахих тухай болон Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Мөн Төсвийн байнгын хороо 15.00 цагт “Б” танхимд хуралдаж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ