Насанд хүрэгчид унадаг дугуйгаар уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 10:02:54

Хүйтний ам наашилж байгаатай  өрсөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ, “Боржгон Мандал” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран насанд хүрэгчдийн унадаг дугуйн уралдааныг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

Хүн амын дунд зонхилдог халдварт бус өвчний хамгийн түрүүнд бичигддэг нь зүрх судасны өвчлөл болдог. Зүрх судасны өвчлөлийг бууруулахад ач тус үзүүлэх идэвхитэй хөдөлгөөн бол унадаг дугуй унах явдал гэж үзэн хүн амынхаа дунд унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгыг Сайнцагаан сумын ЗДТГ өмнөө тавьжээ. Иймээс унадаг дугуйн уралдааныг нас насны ангилалаар зохион байгуулдаг болсон байна. Өнгөрсөн зун хүүхдүүдийн дунд унадаг дугуйны уралдаан зохион байгуулсан бол энэ удаа насан хүрэгчид дугуй унаж уралджээ.  

Тэмцээнд 9 байгууллагыг төлөөлж 26 тамирчин хурд хүч сорин өрсөлдсөнийг 3 насны ангилалаар шалгаруулсан байна. Тодруулбал, 18- 30 насны ангилалд аймгийн ОБХ- ийн Б. Баярсайхан, 31- 45 насныхнаас “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн Б. Болдбаатар, 46- аас дээш насны ангилалд МСҮТ- ийн Б. Энхжаргал нар тус тус түрүүлж, тэргүүн байрын шагналыг гардсан байна.

Цаашид унадаг дугуй унах явдлыг хөдөлгөөний дутагдлаас ангижрах энгийн, үр дүнтэй арга болгож нийтийн дунд өргөжүүлэх ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ