Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах төлөвлөгөө гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 10:03:29

Бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулах талаар аймгийн ЗДТГ- ын Нийгмийн Хөгжлийн хэлтэс төлөвлөгөө гаргажээ.   

Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 45 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж, энэ халдвараар өвчлөгчдийн 42 хувь нь 15- 24 насны залуучууд байгаа гэх анхаарал татах мэдээлэл бий.

Дундговь аймгийн хувьд бэлгийн замаар дамжих халдвараас трихомониаз өвчний гаралт буурч байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд заг хүйтэн, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж, 2014 онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдлууд ч бүртгэгдсэн.

 2010 онд аймгийн хэмжээнд тэмбүүгийн 12 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2014 онд 65 болж нэмэгдэн, 2015 оны есдүгээр сарын байдлаар гэхэд 46 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тиймээс эрсдэлт бүлгийн хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 гаруй ажлыг төлөвлөжээ. Төлөвлөгөөг 12 дугаар сарыг дуустал хэрэгжүүлж, үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажил эхлээгүй байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ