УИХ-ын дарга Хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзав

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2017-05-08 17:42:35
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
 
УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  
 
Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлоод, парламент дахь найрамдлын бүлгүүд, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ
 
Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, үүний тулд байгаа боломжийг бүрэн ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
 
Хатагтай Данг Тхи Нгок Тхинь “Найрсаг зочломтгой Монгол Улсад айлчилж байгаадаа нэн баяртай байна. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монгол түмний амьдрал ахуйг нүдээр үзэж, биеэр танилцах сайхан боломж олгосонд Монголын төр засаг, ард түмэнд гүнээ талархъя” гэлээ.
 
Тэрбээр БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжлав.
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийснээ дурдаад аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсанаа дуулгав.
 
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, Монгол Улсын АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолд Вьетнам Улс цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна “Бодит, ажил хэрэгч санал санаачилга, хамтын ажиллагааны харилцан ашигтай аливаа гэрээ, хэлцлийг Монгол Улсын Их Хурал дэмжихэд ямагт бэлэн байх болно” хэмээн тэмдэглэж, хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ий айлчлалд амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд