Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний мэдлэгээр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-09 14:04:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уралдаант тэмцээнийг зохион байгуулжээ.
Аймгийн хэмжээнд зохион байгуулсан энэхүү “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” сэдэвт уралдаан тэмцээнд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын нийт 8 цэцэрлэгийн 96 хүүхэд, 16 багш оролцсон байна.
Хүүхдүүдэд багаас нь зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг зөв эзэмшүүлэх зорилго бүхий тэмцээний ялагчаар Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн “Жавхаа” баг тодорч, удаах байруудад Алтанбулаг сумын 2-р цэцэрлэгийн “Дамбо” баг, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгийн “Уран зохицуулагч” баг тус тус шалгарч шагналын эзэд болжээ.
Тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, “Миний монгол энтертаймент” кабелийн телевиз хамтран зохион явуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ