Мод тарих өдрийг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-05-13 12:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлж бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн ажиллагаа 11 цагт  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов.
Эл өдрийг уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллага,  иргэд өргөнөөр оролцож байна. Бүх нийтээр мод тарих өдрийг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ. Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, мөн дүүрэг бүрийн 400 гаруй иргэнийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгэсэн байна. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриалж байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд уламжлал ёсоор хэд хэдэн байршилд шинээр мод суулгах ажилд оролцож байна. Тухайлбал, Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын орчимд 1200 мод суулгах юм. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд орчиндоо мод шинээр суулгаж байна. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд жил бүр нэг сая гаруй мод тарьж суулгадаг юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ