"Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-14 16:44:32
Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил 15 дахь жилдээ тохиож буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгч Танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. 

Энэ сарын 8-ны өдөр тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, аймгийн Татварын хэлтсийн дарга А.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр 2016 онд ажил үйлс, татвар төлөлт, тайлан тушаалт, цахим тайлангийн системийн хэрэглээ, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байдлаараа бусад татвар төлөгчдөө манлайлан ажиллаж, аймгийн “Тэргүүний татвар төлөгч”-өөр шалгарсан “Хатан-Улз” ХХК, “Монголт хан инвест” ХХК, “Баавай төгөлдөр” ХХК, “Ерөөл төгс” ХХК, “Оргил” худалдааны төвийн хамт олонд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Мөн Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан өсвөрийн татвар төлөгч хүүхэд багачууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион явуулж, шалгарсан сурагчдад шагнал гардуулсан юм. Гар зургийн уралдаанд нийт 25 бүтээл ирүүлснээс 1-р байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э.Анужин, 2-р байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Э.Төгсбаясгалан, 3-р байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Н.Анужин нар эзэлсэн бол зохион бичлэгийн уралдаанд нийт 28 бүтээл ирж 1-р байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Г.Сүлд-Эрдэнэ, 2-р байрыг Хан хэнтий цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Сансартуяа, 3-р байрыг Хан хэнтий цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Б.Цэрэнбямба нар тус тус эзэлжээ.

Татвар төлөгчдийн өдрүүдээр аймгийн Татварын хэлтсээс “Угтах үйлчилгээ”-г ажиллуулж, иргэдэд заавар зөвлөгөө өгөх, “Татвар төлөгч танд зөвлөе” бизнес эрхлэгчдэд ажлын байрны зөвлөгөө өгөх, Үндэсний татварын албаны дээд шагнал болох “Хөх дэвтэр” авсан Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Баянхутаг, Мөрөн, Өлзийт, Хэрлэн сумын татвар төлөгч Аж ахуйн нэгжүүдийн дунд Мөрөн сумын Эхэн усны Эко амралтын газар хүртэл “Эко аялал”, Монгол Улсын шилдэг татвар төлөгчид шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, Баян-Адарга сумын татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах, Татварын албаны үйл ажиллагааг сурталчлах зорилго бүхий “Татварын албаны нэг өдөр” зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ