О.Нямдаваа: Ил хаадын зарим нэг зарлиг тушаал, бичвэрийн зургийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 18:45:36

ШУА-аас зохион байгуулж буй “XIII-XIV зууны үеийн Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс-Гэрэгэ” сэдэвт олон улсын хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын хамтарсан “Монгол Ил Хаант Улс” үзэсгэлэн өнөөдөр Монгол Төрийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн Монгол их хаад, ил хаад, тэдний орд харш, бүтээн босгосон зүйлсийг харуулсан зураг болон Эртний Персийн ард түмний түүхийг харуулсан Шахнамэ номыг бүтээхэд ашигласан зураг, Монгол, Иран хоорондын харилцааны 2000 жилийн түүхийг харуулсан түүхийн үнэт өв зэрэг найман хэсгээс бүрдэж байгаа аж. Үзэсгэлэнд тавьсан 8 Монгол Ил хаадын хөргийг зураач С.Чулуунбаатар бүтээжээ. Тэрбээр, Би 20 жил хөрөг зурж байна. Өмнө нь кино жүжигчдээр дагнасан үзэсгэлэн гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнд Ил хаадын зургийг бүтээхэд ихээхэн хүчин чармайлт орсон. Учир нь кино жүжигчид шиг гэрэл зураг, тоглосон уран бүтээл нь байдаггүй болохоор яг ийм дүр төрхтэй байсан гэж зурж болдоггүй. Тиймээс түүхийн эх сурвалж судлан, төсөөлж зурдаг. Найман ил хаадын зургийг бүтээхэд маш их цаг хугацаа, судалгаа орсон. 9 ил хааны зураг зурах ёстой байсан ч нэг хаантай нь холбоотой баримт, материал огт олдоогүй” хэмээв.

Үзэсгэлэнд 120 орчим зураг, 60 Монгол, Перс хэлээр бичсэн түүхэн зохиол болон Ираны гар урлалын 30 бүтээл дэлгэжээ. Түүнчлэн ШУА-ын түүх, Археологийн хүрээлэнд хадгалж байсан модон болон чулуун Гэрэгэг нийтийн хүртээл болгож байгаагаараа онцлог юм хэмээн доктор О.Нямдаваа хэллээ.

Доктор О.Нямдаваа нь 10 жилийн хугацаанд Монголын түүхийг харуулсан “Дэлхийн Монголчууд”, “Хүннүчүүд Энэтхэг, Перст”, “Балбын Монголчууд”, “Монгол Ил Хант Улс” зэрэг 9 ном бичиж, хоёр удаа үзэсгэлэн гаргаж байжээ. Түүний бүтээлүүд нь Англи, Хинди, Перс хэлээр бичигдсэн, Монголд төдийлөн судлагдаагүй, ховор эх сурвалж, баримт сэлтүүдийг ашигласнаараа Монголын түүхийг нарийн судлах боломжийг нээсэн хэмээн доктор Л.Хайсандай өгүүлэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “XIII-XIV зууны үеийн Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс-Гэрэгэ” сэдэвт олон улсын хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчид оролцож, доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарт уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөв.

Энэ үеэр доктор О.Нямдаваатай цөөн хором ярилцав.

-Та Иран, Ирак зэрэг Дорнын улс орноор аялж, Монголын түүхтэй холбогдох материал, эд өлгийн зүйлстэй танилцсан. Монголд судлагдаагүй олон түүхийн эх сурвалж дээрх улсад хадгалагдаж байгаа?

-Би Иран, Иракт очиж тухайн үеийн Ил хаант улсын нийслэл байсан Мараго, Султан, Кабрид хотоор зочилж, ил хаадтай холбоотой түүхийн дурсгал, архивын баримттай танилцаж, багагүй зүйлийг олж авчирсан. Иранд очоод ил хаадтай холбоотой түүхэн дурсгалт газраар явж байхад монгол ахуй, монгол сэтгэлгээ нэвт шингэсэн зүйлс нь нүдэнд онцгой тусдаг. Тэдгээрийн зураг дүрсийг авч цуглуулж явсан хэрэг. Иран улсын архиваас ил хаадын зарлигийг олж үзэж фото зурагт буулгасан. Мөн Персийн бичгийн их хүн Рашид Ад Диний бичсэн Монгол хаадын тухай “Судрын чуулган” гэж алдартай зохиол бий. Түүнээс гадна 900-1010 оны үед туурвисан “Шахнама” гэж персийн туульсын зохиол байдаг. Манай “Гэсэр”, “Жангар”-тай адил. 1430 онд Төмөр хааны ач хүү Байсунгур энэ зохиолыг Монголын ил хаадын түүх маягаар өөрчлөн бичсэн байдаг. Энэ мэт ховор нандин үзмэрээс үзэсгэлэн бүрдэж байгаа юм.

-Үзэсгэлэндээ ил хаадын зургаас гадна модон болон чулуун гэрэгэ байрлуулсан байна. Энэ талаар?

-Гэрэгэг анх модоор хийж байсан бол хөгжлийн явцад чулуу, хүрлээр урладаг болж улмаар алт, мөнгөөр хийдэг болсон. Сүүлдээ алтан гэрэгэг үнэт эрдэнээр чимэглэдэг болсон байна. Монголынхоо түүхийг судлах, түгээн дэлгэрүүлэх нь хэн нэгэн юмуу хэсэг бүлэг хүний хийх ажил биш, бүгд нэгдэх ёстой. Энэ бол эх түүхээ хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал алхам гэдгийг үзэсгэлэнгээрээ дамжуулан бусдад уриалахыг хүссэн.

-Та Монголын Ил хаадын түүхтэй холбоотой персээр бичсэн үнэт дурсгал баримт сэлтийг орчуулах ажлыг эхлүүлсэн гэсэн?

-Иранаас Өлзийт хаан болон Ил хаадын зарим нэг зарлиг тушаал, бичвэрийн зургийг авч ирсэн. Түүнийг манайд суралцаж байгаа Иран оюутанд өгч Англи хэл рүү орчуулуулж байна. Яахав судалгаагаа нэг алхам урагшлуулж буй хэрэг. Цаашдаа залуу судлаачдыг энэхүү ажилд татан оролцуулах хүсэлтэй байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ