"Зүрхэнд үлдэх түүх" нэртэй үзэсгэлэнг олон улсын музейн өдрөөр нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-16 17:05:33
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей Олон улсын музейн өдрөөр түүхэн ховор гэрэл зураг, шатраар үзэсгэлэн гаргана.
Энэ жил дэлхий нийтээрээ олон улсын музейн өдөр тавдугаар сарын 18-ныг  “Музей ба ээдрээтэй түүх” нэрийн дор зохион байгуулж байна. Энэ өдөр аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 2000 гаруй түүхэн гэрэл зураг, төрөл бүрийн шатруудаар дэглэгдсэн “Зүрхэнд үлдэх түүх” нэртэй үзэсгэлэнг Улиастайд дэлгэн үзүүлэх ажээ.
Үзэсгэлэнд 1916 оноос хойших Улиастай хотын барилга байгууламж, тэр үеийн ардын аж амьдрал, Манжийн үеийн засаг захиргааны гэрэл зургууд тавигдах юм байна. Түүнчлэн МУСГЗ оньсон тоглоом зохион бүтээгч З.Түмэн-Өлзийгийн урласан оньсон шатар болон модон, сийлбэр, чулуун, цутгамал 30 орчим шатарыг дэлгэн үзүүлэх юм байна. Энэ өдөр аймгийн музей хоёр ээлжээр уртасгасан цагаар иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ