Эмийн эргэлтийн сангийн хөрөнгөд хяналт сул тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан сумын Эмийн эргэлтийн сан 2013-2014 онд 30,6-31,7 сая төгрөгийн орлого, 24,2-36,9 сая төгрөгийн зарлага гаргаж, 4.3-6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Эмийн эргэлтийн сангийн санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй хөтлөгдөж байгаа аж. Тухайлбал: 2013 онд шилний үнэд шилжүүлсэн гэх 443,5 мянга, 2013 онд ЭМГ-т тендерийн эмийн үнэд шилжүүлсэн гэх 16423,3 мянга, эм ханган нийлүүлэгч компаниас авсан эмийн үнэд шилжүүлсэн гэх 1130,8 мянга буюу нийт 17997,6 мянган төгрөгийн эм хүлээн авсан жагсаалт бүхий зарлагын баримт, нэхэмжлэлгүй байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогджээ.
2014 оны 12-р сард “Монос фарм” ХХК-иас бэлтгэн нийлүүлсэн 2123,5 мянган төгрөгийн нэхэмжлэлийн баримтаар гүйлгээ хийхдээ 513,3 мянган төгрөгийг илүү шилжүүлсэн байна.
Тус сумын Эмийн эргэлтийн санд эмийн тооллого хийж үзэхэд хувь хүн, эмч нараас авах нийт 1708,2 мянган төгрөгийн тооцоо үүссэнийг холбогдох хүмүүсээр нь төлүүлэхээр аймгийн Аудитын газраас акт тогтоосон байна.
Эмийн эргэлтийн сангийн эмийн үлдэгдлийг тоолох явцад хугацаа дууссан 33 нэр төрлийн 1688,4 мянган төгрөгийн эм байгаагаас 1365,0 мянган төгрөгийн үнэ бүхий 54600 ширхэг хлорамин гарсан аж.
Увс аймаг Б.Батхүү