Хууль зүйн салбарынхан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл хайв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-24 10:47:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг  дээшлүүлэх, шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхээр Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганыг өчигдөр амжилттай зохион байгууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын санаачилгаар зохион байгуулсан тус чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Цолмон, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нээж  хэлэхдээ, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы  үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах  баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхий нийтийн эрх зүйн тогтолцоо болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” хэмээв.
 
Чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Манай оронд  1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийт хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг. Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160  эрдэмтэн оролцсоноос хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байв. Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг  оронд төрсөн монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байна. Үүгээр ч зогсохгүй Монголд эрдмийн зэрэг хамгаалсан гадаадын цөөнгүй иргэн байдаг аж.

Хууль зүйн салбарынхан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл хайж, мэргэжил нэгтнүүдтэйгээ мэргэн санаагаа уралдуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлов.  Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаас зөвлөмж гаргасан байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ