Эрчим хүчний шугамыг ирэх сарын 20-нд дуусгах чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-25 15:56:09
Дорноговь /МОНЦАМЭ/.Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нарын албаны хүмүүс Дорноговь аймгийн Мандах суманд ажиллаж “МАК” компанийн  Оюутолгойгоос Мандах сумруу татаж буй  220 квт-ын 160 км агаарын шугамын ажилтай танилцлаа.
“МАК” ХХК Мандах суманд буй өөрийн эзэмшлийн Цагаан суваргын зэсийн орд газар руу Оюутолгойгоос эрчим хүчний шугам  татаж буй бөгөөд дээрх шугамыг татсанаар Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчинд холбогдох боломжтой аж. Одоогийн байдлаар эрчим хүчний шонг  бүрэн суурилуулснаас гадна  дэд трансформатор байршуулах,  цахилгаан шугамыг хооронд холбох ажлыг гүйцэтгэж буй.
Албаныхан “МАК” ХХК-ийн цахилгаан шугам татах төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компаниудад  эрчим хүчний ажлаа дуусгаж ирэх зургадугаар сарын 20-н гэхэд Мандах, Хатанбулаг сумыг 24 цагийн  эрчим хүчинд холбох үүрэг, чиглэлийг өгчээ. Учир нь  Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ийн хүчин чадалтай агаарын шугамын барилгын ажлыг Багануурын “ЗӨБЦТС” төрийн өмчит компани дуусгаж хүлээлгэн өгсөн байна.
Цагаан суваргаас Мандах сум хүртэлх эрчим хүчний агаарын шугамын ажил мөн л дуусчээ. Одоо Оюутолгойгоос Цагаан суварга руу чиглэсэн агаарын шугамын ажил хүлээгдэж байна. Уулзалтын дараа Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан  Мандах сумын ард иргэдтэй уулзаж хууль тогтоох байгууллага УИХ-аас баталсан  хууль тогтоомж,  бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ