Хотыг тохижуулах аян үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор зохион байгуулж байгаа “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аян амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийн эзэд болон хотын иргэдтэй уулзаж хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж буй.
“Хотын гудамж” аянаар Сайншанд сумын төв гудамж дагуу “Эргэл” худалдааны төвийн гаднах талбайг тохижуулж, явган хүн, авто машины орох, гарах гарцыг тодорхой болгож тохижуулжээ. Сайншанд сумын төв байрладаг УБТЗ-ын “Ган зам”, Шашны дэлгүүр, “Мөнхдүүрэн”, “Сувдан- Өргөө” зэрэг худалдааны төвүүд гаднах талбайгаа тохижуулах бол нийтийн бие засах газрыг ашиглалтад оруулж, хашааг нь буулгаж цэгцлэхээр болов. “Шинэ зуун” худалдааны төв гаднах машины зогсоолоо шинэчилсэн бол Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй “Хас”, “Монголбанк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” “Голомт” зэрэг банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орчныхоо өнгө үзэмжид анхаарч, тохижилтын ажил хийх аж.
“Тэгш гудамж” аянаар Сайншанд хотын хойно байдаг хөтлийн замын хоёр талын гэр хорооллын айл өрхийн нүүрний гудамжийг тэгшилж, нэгэн ижил өнгө будганд оруулахаар ажиллаж байна. Мөн Төмөр замын хэсгийн “Оргил”, “Наран” худалдааны төв, төмөр замын дагуух байрнуудын айл өрхүүд харьяалах багийн Ажлын албатайгаа хамтран орон сууцныхаа өнгө үзэмжийг сайжруулахаар ажиллаж буй.
Албаныхан “Хамтдаа тохижуулъя” аяны хүрээнд барилгын компаниуд болон барилгын дэлгүүрүүдтэй хамтарч ажиллаж байгаа аж. Төв цэцэрлэгт хүрээлэн болон аймгийн Шүүхийн барилгын урд буй Сайншанд сумын VI багийн нутагт байрлах "Залуус" цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн барилгын компани "Тобэм" ХХК, "Энержи парагон" ХХК, "Айсуй хөгжил" ХХК, "Нэгдсэн Монгол" ХХК өөрсдийн хөрөнгөөр иж бүрэн засварлахаар болов.
Мөн “Хул Шанд”, “Үлэмж”, “Сувдан-Өргөө” “Их говийн өргөө”, “Сангийн далай” зэрэг барилгын дэлгүүр барилгын материалаар дэмжиж ажиллах юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар төлөвлөсөн дээрх аянд МСҮТ-ийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцохоор болжээ. Мөн МСҮТ-ийн мужааны ангийн оюутнууд, “Модны зах”-ын эзэд Сайншандын арын хөтөл дээр байх “Дорноговь 80” цогцолборыг тохижуулахад оролцоно.
Х.Эрдэнэбулган