Ирэх даваа гарагт Батлан хамгаалах өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-26 12:14:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 29-нд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд сурталчлах "Нээлттэй хаалганы өдөр" болох  юм байна. 

Эл нээлттэй хаалганы  өдөр нь "Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр"-тэй давхцаж буйгаараа онцлогтой юм.  БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд болон харьяа байгууллагууд бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

БХЯ-ны болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.  Мөн олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэгүүд болон олон улсын ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчдын хувцасны үзүүлбэр, гардан тулааны тоглолт, эмэгтэй алба хаагчид, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэр, дуут жагсаал, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Иргэд хугацаат цэргийн алба, энхийг сахиулах ажиллагааны талаар болон ҮБХИС ялангуяа "Ахлагчийн сургууль", "Тэмүүжин өрлөг" сургуулийн элсэлтийн журмын талаар түлхүү сонирхдог. Түүнчлэн архив болон эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байдаг. Дээрх асуудлаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө. Мөн үеэр Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолой, зүрхний эмч үзлэг хийж зөвлөгөө өгч, сахрын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ