Ноолуурын үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-29 15:59:15
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд саяхан ноолуурын үзэсгэлэн, дуудлага худалдааг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөө аж ахуйн бирж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран  зохион байгууллаа. 
Үзэсгэлэнд 44 өрхийн 12200 кг ноолуур оролцсоноос чанар стандарт, үзүүлэлтээрээ “Цагаан уул” багийн  малчин Ж.Батцэрэнгийн бэлтгэж ирсэн ноолуур  1 дүгээр байр, “Сангийн далай” багийн малчин Г.Баатрсүх, “Өлзийт” багийн малчин Ж.Ганбаатар нарын бэлтгэсэн ноолуур 2, 3 -р байрыг тус тус эзэлсэн байна. Энэ удаагийн дуудлага худалдаанд “Жин корона” ХХК, “Хононт” интернейшил ХХК, “Мон итали” ХХК  зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож цагаан өнгийн ноолуурыг 68500 төгрөг өнгийн ноолуурыг 58000 төгрөгөөр худалдан авсан байна.
Эрдэнэ сум нь  аймагтаа хамгийн олон буюу 196000 толгой ямаатай бөгөөд одоогоор ямаа самналт 70 гаруй хувьтай, малчдын гар дээр 45 тн ноолуур бэлтгээд байгаа ажээ.
                                                                                                                                                                                 Ш.Цоодол
 
 
Холбоотой мэдээ