Жаргалант суманд эргэлтийн эмийн сан хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 11:06:32

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эргэлтийн эмийн сан байхгүйгээс иргэдэд хэрэгцээ шаардлагатай эмийн үйлчилгээг авч чадахгүй байна.

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав энэ сарын 21-ний өдөр Жавхлант суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Өлзийсайхан, Засаг дарга С.Нямсүрэн болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Рэгзэдмаа нар хамтран ажиллаж, сум орон нутгийн цаг үеийн ажил амьдралын талаарх мэдээллийг дуулган зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. Хурлын дарга тус сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төр төсвийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж ажил үйлчилгээ, ололт амжилт, хүндрэл бэрхшээлтэй асуудал юу байгаа талаар ярилцжээ. Тус суманд эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн эмийн сан байхгүй явдал юм. Иймээс иргэд  хэрэгцээ шаардлагатай эмийн үйлчилгээг авч чадахгүй байгаа ажээ. Энэхүү эмийн сангийн асуудлыг шийдвэрлэх талаар боломж эрж хайн ажиллахыг сумын удирдлагуудад Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав үүрэг болголоо. Тэрээр мөн тус суманд сүү, цагаан идээ боловсруулдаг “Бумбат таван богд” хоршооны үйл ажиллагаатай танилцаж, хоршооны ажил үйлсийг сайшаалаа. Мөн тэрээр ирэх 2016 онд аймгийн төсөвт тусгагдсан, тус суманд хийгдэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ