“Шарилжгүй Дархан” аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-30 16:46:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт энэ онд гурван үе шаттай хэрэгжих “Шарилжгүй Дархан” аяны нээлт болов. Аяны нээлтэд аймгийн Захирагчийн алба, Дархан сумын ЗДТГ, НААҮГ, УГТЭШХ, ХХҮХ зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: “Сүүлийн жилүүдэд манай аймагт шарилжаас үүдэлтэй харшлын өвчин их гарах болсон. Аймгийн Засаг даргын санаачилгаар 2015 оноос эхлэж “Шарилжгүй Дархан” аяныг иргэд, Төрийн бус байгууллагатай хамтарч  гурван үе шаттай явуулж нийт 20930 м2 хог ургамлыг устгасан. 2015 оноос эхэлсэн тус аян өнөөдөр аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөгөөнд “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөр болон хэрэгжүүлэхээр тусгагдсан. Дархан хотын эзэмшил 131 га талбайд ургаж байгаа ургамлын 75 хувийг шарилж луулийн төрлийн ургамал эзэлдэгийг судалгаагаар тогтоосон. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа харшлын өвчнийг бууруулах зорилготойгоор тус хөтөлбөр хэрэгжих юм. 2015 онд аймгийн Эрүүл мэндийн хоёрдугаар төвөөс хийсэн судалгаагаар нийт иргэдийн 62,5 хувь нь ургамлын харшилтай гэсэн үзүүлэлт гарсан байдаг. Жилд гурван үе шаттай хэрэгжих аяны эхнийх нь энэ сарын 26-наас ирэх сарын таван, хоёр дахь нь долдугаар сарын эхэнд сүүлчийнх нь наймдугаар сарын сүүлээр явагдаж дуусна. Шарилжийг зулгаах нь харшлын өвчлөлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг учраас бид хор цацах, хадах зэргээр устгаж байгаа. Ийм маягаар 3-4 жил дараалан ажиллавал шарилж дахиж ургахгүйгээр бүрэн устах боломжтой учир бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин Дархан хотын бүх байгууллагууд өөрийн байгууллагын эзэмшил газар, гэр хорооллын иргэд хашаандаа ургаж байгаа шарилж, лууль, хог ургамалыг энэ аяны хугацаанд устгах ажлыг хийх ёстой. Бид бүх багуудаар дамжуулж хяналт тавьж ажиллана. Энэ удаагийн шарилж устгах ажлыг гүйцэтгэх хүн хүчийг аймгийн ХХҮГ-аас зургаан сая төгрөгийн ажиллах хүчний зардлыг гаргаж баг бүрээс ажил эрхлээгүй 31 хүнийг авч ажиллуулж байна” гэв.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
 
Холбоотой мэдээ