БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-30 20:05:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр өргөн мэдүүллээ.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа юм. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.
“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Холбоотой мэдээ