Сүхбаатар аймгийн ОНХС-ийн хөрөнгө 2,5 тэрбумаар танагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-02 18:56:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хуваарилагдсан Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн төсвөөс 2,5 тэрбум төгрөг танагджээ. Энэ нь ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон болон өнгөрсөн жилүүдэд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсантай холбоотой гэнэ. Гэхдээ аймаг орон нутгийн зүгээс танагдсан 2,5 тэрбум төгрөгийн 80 гаруй хувийг өөрсдийн орлогоо нэмэгдүүлэх, зардал хямдруулах замаар хөрөнгийн эх үүсвэрээ бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
2017 онд тус аймгийн төсөвт ОНХС-д олгох орлогын шилжүүлэг 4 тэрбум 86,8 сая төгрөгөөр батлагдсан. Үүнийг оны эхэнд аймгийн ИТХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд хуваарилан баталсан байдаг. Гэвч УИХ төсөвт тодотгол хийсэнтэй холбоотойгоор тус аймгийн ОНХС-аас 2,5 тэрбум төгрөг хасагджээ. Энэ нь нэгдүгээрт ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноос шалтгаалснаас гадна хамгийн гол нь Сүхбаатар аймгийн хэмжээнд 2015, 2016 онуудад төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсантай холбоотой. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн төсвийн зарцуулалт үр дүнгүй хэмээн дүгнэгджээ. Олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэх нэгжээс аймаг, сумдын 2015, 2016 оны төсвийн жилүүдийг хамруулан хийсэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр нийт 247 оноо авахаас тус аймаг доод тал нь 32,8 дээд тал нь ердөө 80,7 оноо авсан байна. Энэ нь маш хангалтгүй бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаж чадаагүй байна. Гол шалгуур нь ОНХС-ийн төсөл арга хэмжээг төлөвлөхөд олон нийтийн оролцоог хангасан байдал, төсвийн мэдээллийг ил тод хэлж мэдээлж байгаа эсэх, төсвийн гүйцэтгэл, төсвийн хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа байдал, ОНХС-аар бий болгосон хөрөнгийг бүртгэж баталгаажуулсан байдал / Жишээ нь: Түмэнцогт суманд ОНХС-ийн 100 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийсэн боловч түүнийгээ улсын бүртгэлд бүртгэж аваагүй/ зэрэг зургаан бүлэг 35 зүйл шалгуур үзүүлэлтээр орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхийг үнэлжээ.
“Бид ОНХС-аар хийх ажлаа төлөвлөсөн байгаа. Тиймээс одоо дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрээ бий болгохдоо орон нутагт орох орлогоо нэмэгдүүлэх, зардал хямдруулах байдлаар хангах зарчмыг аймгийн засаг дарга баримталж байгаа. Улмаар бид энэ оны өмнө хийхээр төлөвлөсөн ажлуудаа дахин нарийвчлан тогтоосон. Нэн шаардлагатай хамгийн чухал ажлуудаа нэг, хоёрдугаарт тавиад, эх үүсвэрийг нь шийдвэрлэж чадахгүй ажлуудаа түр хойш тависан. Одоогоор хоёр гуравхан төсөл арга хэмжээг хойшлуулаад байна. Үүнийгээ ч сая 05 дугаар сарын 31-нд болсон нэгдсэн хуралдаан дээр танилцуулж, төсвийн тодотголоо батлууллаа. Ямар ч байсан эрэмбэлсэн ажлуудаа эхнээс нь хийгээд явна, хөрөнгийн эх үүсвэрээ шийдэж чадвал үргэлжлүүлэн хийнэ. Үнэхээр боломжгүй бол зарим ажлуудаа 2018 он руу шилжүүлэх болно. Ер нь орон нутгийн төсвийн орлогоо дайчлах, орлого нэмэгдүүлэх, зардал хямдруулах замаар танагдсан төсвийн 80 гаруй хувийг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна...” хэмээн аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Төмөрчулуун хэллээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ