Гэртээ юм шиг тухлах галт тэрэг үйлчилгээнд нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-29 16:23:04

Иргэдийн ая тухтай байдлыг өндөр түвшинд хүргэхээр УБТЗ олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй жишиг галт тэргийг явуулж эхлээд байна.

2015 оныг  тохижилт үйлчилгээний жил болгон зарласан тус хамт олон өнгөрсөн  долдугаар сараас УБ-Замын-Үүд-УБ чиглэлд 275, 276 дугаар галт тэргийг туршилтаар явуулж эхэлжээ. Өнөөдөр тэд “Жишиг галт тэрэг” үйлчилгээг албан ёсоор нээлээ. Жишиг галт тэргэнд  зурагт үзэх, интернэт хэрэглэх боломжтойгоос гадна 00-ын өрөөнд душ нэмж байрлуулсан байна. Түүнчлэн дээрх чиглэлийн цуваанд 25 галт тэрэг явдаг бөгөөд  бизнес ангиллын буюу люкс вагонуудыг нэмж тохижуулжээ. Үүний найм нь тасалгаат, 14 нь унтлагын галт тэрэг юм байна. Мөн тоглоомын болон бялдаржуулах өрөөнд цагийн такс төлж орох нөхцлийг бүрдүүлжээ. Рестораны хувьд тохижилтыг сайжруулан захиалгын болон түргэн хүнс худалдах нэмэлт үйлчилгээг ч бий болгожээ. Түүнчлэн аялал жуулчлалын галт тэрэг бий болгох зорилтын хүрээнд од харах, бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ, ресторан  гээд зорчигчдын ая тухыг хангасан үйлчилгээг нэмэхээр ажиллаж буйгаа дуулгалаа. Жишиг галт тэрэг тохижуулахад  хагас тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ мэтчилэн олон улс, дотоодын бүх чиглэлийн галт тэргийг тохижуулахаар төлөвлөжээ.

Мөн үеэр нэмэлт үйлчилгээтэй жишиг галт тэрэгний  тасалбарын үнэ нэмэгдээгүй хэмээн УБТЗ-ын удирдлагууд онцоллоо.

Төмөр замаар зорчигчид галт тэрэгний тасалбар түгээгүүр, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн талоноо үзүүлээд автомашинаа үнэгүй байрлуулах боломжийг бүрдүүлж байгаа аж.

 Б.Заяа

 

 

Холбоотой мэдээ