Цусны даралт ихсэхээс сэргийлэх эмийг иргэдэд үнэ төлбөргүй өгөв

Орон нутагт | Дундговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 16:45:18

Жил бүрийн 10 дугаар сарын 29 дэлхийн нийтээр цус харвалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр. Энэ өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн тасаг цус харвалт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөмж өгч, цусны даралт, цусан дахь холестрин, сахарын хэмжээ бууруулах эмийг үнэ төлбөргүйгээр өглөө.

Жилдээ дэлхий нийтээр 15 сая хүн цус харвалтад өртөн, 5 сая хүн нас барж, 10 сая хүн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог бөгөөд насанд хүрсэн хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан нь тархины цус харвалт болдог гэсэн мэдээ бий.  

Дундговь аймгийн хувьд он гарсаар өнөөдрийг хүртэл  51 хүн цус харвалт өвчинд өртсөн байна. Үүний 14 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнгөрсөн жил гэхэд 22 хүн цус харвасны улмаас тус тасагт хэвтэн эмчлүүлсэн. Цус харвалт сүүлийн таван жилд хүн амын дунд ихэссэн талаар Мэдрэлийн тасгийн эмч Т. Бямбацэрэн хэллээ.

Цусны даралт ихсэх болон чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг өрх, сумын эмнэлэгт байнга хийдэг, цус харвалтаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зөвлөмжийг тогтмол өгдөг хэдий ч иргэд амьдралдаа хэвшүүлдэггүй, хайхрамж муутай ханддаг нь цус харвалтад өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэлээ.

Харвалтын эсрэг дэлхийн өдрөөр иргэдэд үнэ төлбөргүйгээр эм өгөх хүмүүнлэгийн ажилд Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Монос”, “МНЧ”, “Буяндэлгэр”, “Эм Импекс” эмийн сан, “Гедеон Риктор” эм ханган нийлүүлэх байгууллага хамтран оролцож, хагас сая төгрөгийн эм хандивласан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ