Хүний амийг санаатай бүрэлгэх гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-07 16:48:14
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Прокурорын газраас хүний амийг санаатай бүрэлгэх гэмт хэргийн гаралт, үйлдэгчдийн нас, хүйс, ажил эрхлэлтийн байдал, боловсрол, гэмт хэрэг гарсан газар, учирсан гэмтэл, хохирол, шалтгаан нөхцөл, хэргийн шийдвэрлэлт зэрэгт судалгаа хийжээ.  
Өнгөрсөн онд тус аймгийн Прокурорын газраас 11 хэргийн 15 холбогдогчид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 63.6 хувь нь суманд, харин 8 хэрэгт холбогдогч буюу 53.3 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна. Их төлөв хөдөөх сумдын эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийн дунд ахуйн хүрээний архидалт өндөр байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгчид архидан согтуурсан үедээ найз нөхөд, төрөл садангийн хүмүүстэйгээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хүний амь насыг бүрэлгэсэн тухай дээрх судалгаанд дурджээ.
Өнгөрсөн намар тус аймагт бага насны хүүхдийн амийг захиалгаар хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг захиалагч С гэх эмэгтэй одоогоор хэргээ хүлээгээгүй, товлосон шүүх хуралдаанд өмгөөлөгч нь оролцох боломжгүй зэрэг шалтгаанаар шийдвэрлэлт нь хойшилсоор байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Эрүүгийн хуулийн 91-р зүйлд дээрх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан байдаг. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ