Зуун мянган цэцэг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-08 16:10:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт хэрэгжүүлж байгаа “Шарилжгүй Дархан” аяны хүрээнд Дархан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрт агч, голтбор зэрэг нийт 1000 ширхэг модыг 3800 м2 талбайд тарьжээ.
Дархан хотын тохижилт үйлчилгээний ажлыг хариуцаж ажилладаг аймгийн Нийтийн Аж ахуй, Үйчилгээний газрын тохижилтын инженер Д.Ханджаргал: “Манайх энэ жил хотынхоо зуны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хот доторх төв зам, нийтийн эзэмшлийн талбайд 100 мянган ширхэг амьд цэцгийн үрийг тарьж дууслаа. Энэ бүхнийг аймаг орон нутгаас багагүй хөрөнгө мөнгө гарган тарьж байгаа ч зарим ухамсар муутай иргэдээс шалтгаалж тарьсан модыг хугалж цэцгийг таслах зэрэг зохисгүй үзэгдэл удаа дараа гарч байна. Нэг нь хийж нөгөө нь сүйтгэдэг энэ байдлаас бүгдээрээ ангижирч хамтдаа хотоо ногооруулцгаая, та бидний өмч болсон ногоон байгууламжаа хайрлан хамгаалъя гэж уриалж байна” гэлээ.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ