Цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэглэж, худалдаж байсан нь илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-12 14:30:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи хэрэглэгчдийн цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж Засгийн газраас
ЦЕГ-т  хар тамхитай тэмцэх хяналтыг чангатгах үүрэг даалгавар өгөөд байгаа үед  хар тамхины хэрэглэгч, худалдаачид цагдаагийн байгууллагад шургалан орж, төрийн албан хаагчийн хувцсаар өөрсдийгөө хамгаалж, хууль бус үйлдэл хийж байсан гэмт  хэргийг илрүүлэв.
Өнгөрөгч 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилжээ. Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарчээ. Гэтэл сэжигтэн нь  Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байсан нь анхаарл татсан юм. Цагдаагийн албан хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байснаас гадна  хар тамхи хэрэглэгчийг  сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг үнэгүй авч байсан нь илэрсэн байна. Сэжигтэн Б  баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдож тэрбээр өгсөн мэдүүлэгтээ “Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” хэмээжээ. Энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ