“Uber”-ийн Ерөнхий захирал албан тушаалаасаа огцорч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-12 16:22:41
МОСКВА./TASS/. “Uber” компанийг үндэслэгч бөгөөд тус компанийн Ерөнхий захирал Трэвис Каланикыг албан үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх эсвэл өөр албан тушаалд шилжүүлж магадгүй. Энэ тухай Британийн “Financial Times” сонин нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, ням гарагт “Uber”-ийн Захирлуудын зөвлөл Т.Каланик, түүний хоёр шадар туслахын асуудлыг авч хэлэлцжээ. Тухайлбал, “Uber”-ийн тэргүүний орлогч Эмиль Майкл ирэх даваа гарагт албан тушаалаасаа чөлөөлөгдөж магадгүй болсон бол тус компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Райан Грэйвс мөн халагдахдаа тулжээ. 

Захирлуудын зөвлөлийн ийм шийдвэр нь “Uber”-ийн ажилтнууд оролцсон дуулиантай холбоотой ба компанийн удирдлага нэг менежер нь буруутгагдсанд бухимдуу байгаа аж. Тэр ажилтан “Uber”-ийн жолоочийн Энэтхэгт үйлдсэн хүчирхийллийн хохирогчтой холбоотой эмнэлгийн мэдээллийг авсан ба улмаар компаниасаа гарсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна бэлгийн дарамт учруулсан хэргээр тус компани 20 гаруй ажилтнаа ажлаас нь халжээ.

2 дугаар сард “Uber”-ийн хоёр эмэгтэй ажилтан бэлгийн дарамт учруулсан гэж өмнөх удирдлагуудаа буруутгасан ба Т.Каланик үүний дараа тус компанийн удирдлагын зүгээс болсон хэрэг явдал бүрт нарийвчлан шалгалт явуулна гэж амлаж байжээ.

Түүнээс хойш нэг их удалгүй “Uber”-ийн тэргүүн өөрөө дуулианы эзэн болсон юм, интернетэд Т.Каланик нэг жолоочтойгоо зодолдож байгаа бичлэг тавигдсан юм. Тэр жолооч тус компанийн удирдлага таксины жолоочийн цалингаас хэтэрхий их хувь суутгаж авдаг гэж гомдоллоход нь Т.Каланик нэлээд бүдүүлэг хэлбэрээр түүнд хариу өгчээ. Дараа нь Ерөнхий захирал буруу авир гаргасандаа уучлал гуйж байгаа тухай видео бичлэгийг нийтлүүлжээ.

“Uber” компани нь хэрэглэгчид гар утасныхаа аппликэшн-г ашиглан хувийн таксины үйлчилгээг авах боломжийг олгодог онлайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага юм. Калифорни муж улсын Сан-Франциско хотод төв байр нь байрладаг энэхүү олон улсын компанийг 2009 онд бизнесмен Трэвис Каланик, Гаррет Кэмп хоёр үүсгэн байгуулсан ажээ. Өнөөдөр “Uber” компани 80 орны 500 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 
О.Барс 

Холбоотой мэдээ