Цагдаагийн кабоны урсгал зардлыг орон нутгаас санхүүжүүлэхгүй гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:28:51

Дундговь аймгийн 15 сумын хоёроос бусад нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн кабонтой болсон байдаг. Анхны кабон арав гаруй жилийн өмнө ашиглалтад орж байсан үеэс эхлэн кабонуудын урсгал зардлыг тухайн орон нутаг өөрийн төсвөөс санхүүжүүлж ирсэн бөгөөд одоо энэ нь Төсвийн тухай хууль зөрчсөн явдал хэмээгдэж байна.

ИТХ, Засаг дарга нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болохыг Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг. Энэ чиг үүргийг ч аймгийн Засаг даргын Хуульзүйн сайдтай байгуулсан гэрээнд тусгасан ажээ.

Цагдаагийн кабон нь улсын төсвөөр баригдсан бөгөөд Цагдаагийн газарт бүртгэлтэй орон нутгийн өмч юм байна. Аймгийн Цагдаагийн газар жил жилийн төсвийн төсөлд цагдаагийн кабоны урсгал зардлыг тусгадаг ч хасагддаг учраас Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу ийнхүү урсгал зардал болох цахилгааны үнэ, галлагаатай үеийн түлшний зардлыг орон нутгаас санхүүжүүлж байжээ.

Төсвийн тухай хуулийн 6.6.6 буюу орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх хэмээх заалт болон 6.6.5, 3.4 дэхь заалтыг  зөрчиж байгаа хэмээн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс тайлбарлаж байгаа юм. Цагдаагийн кабоныг Хуульзүйн яам захиалж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан тул урсгал зардлыг тус яамны болон Цагдаагийн Ерөнхий газрын төсөвт тусгаж явах учиртай гэж үзжээ.

Хэрвээ ирэх онд цагдаагийн кабоны урсгал зардлыг орон нутгаас санхүүжүүлэхгүй гэвэл сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын нийтийн хэв журмыг сахиулж ажиллах орчин нөхцлийг яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал гарахаар байна. 

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ