Сахилгын арга хэмжээ авахуулсан алба хаагчдад "Итгэл найдварын хуудас" гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-13 22:37:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдын сахилга хариуцлагын 2-р улирлын зөвлөлгөөнөө онлайн болон ярилцлага хэлбэрээр зохион байгуулжээ.
Уг зөвлөлгөөнийг нэлээд шинэлэг байдлаар "Фокус бүлгийн ярилцлага" хэлбэрээр зохион байгуулсан гэнэ. Зөвлөлгөөнөөр алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцжээ.
Мөн алба хаагчдын санал санаачилга, идэвхийг өрнүүлэх ажлуудыг ч хэлэлцсэн аж. Зөвлөлгөөний үеэр цагдаагийн албанд 15-20 жил ажиллахдаа сахилга, ёс зүйн арга хэмжээ авагдаж байгаагүй алба хаагч нарын "Сэтгэлийн үг"-ийг сонсож, "Талархал"-ын хуудас гардуулсан бол сахилгын арга хэмжээ авахуулсан алба хаагчдад хамт олны "Итгэл найдварын хуудас"-ыг гардуулан өгсөн байна. Цагдаагийн газрын алба хаагчдын гаргаж буй сахилгын зөрчилд сэтгэл зүйч нар дүгнэлт хийсэн аж. Уг зөвлөлгөөнийг зөвхөн газар дээрээ бус Цагдаагийн газрын харъяа Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчидтай онлайнаар шууд холбогдон зохион байгуулжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ