ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал энэ сарын 13-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлаа эхлүүлээд байна. Бригадын генерал Т.Бадрал өнгөрсөн жил мөн баруун болон төв, зүүн аймгуудад ажиллаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсон, ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байсан. Энэ удаа ч урьдын адил Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим анги салбаруудад өгсөн үүрэг чиглэлийн биелэлттэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсох юм. Мөн орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги, алба хаагчдын орон сууцны барилга байгууламжийн гүйцэтгэл, явцтай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ж.Батсайхан