Ахмадын “Алтан үе” сувилал нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-19 14:54:59
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн төвөөс 35 км-т орших Цүнхэг хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт ахмадын “Алтан үе” сувилал байгуулагдан нээлтээ хийж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээж аваад байна. Энэхүү сувиллыг Увс аймгийн ИТХ, нэр бүхий төрийн болон хувийн байгууллагууд, иргэдийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.
Ингэснээр ахмадууд маань хямд зардлаар нутгийнхаа байгалийн сайханд амарч, эрүүл мэндээ сайжруулах боломж бүрдээд байна. Ахмадуудын амрах нэг өрөөнд гэхэд 5 ор, ус буцалгагч, зурагт, хувцасны өлгүүр, толь гэх мэт гэрт хэрэгцээтэй бүх зүйлс байгаа аж. Тус амралтын газар нь нэг дор 30 ахмадыг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд чийрэгжүүлэлт, физик эмчилгээний өрөөтэй байна. Ахмадын “Алтан үе” сувилалын газрыг тохижуулахад аймгийн ИТХ, Дулааны 2-р станц, Нэгдсэн эмнэлэг, “Чандмань-Увс” компани зэрэг байгууллагууд хандив туслалцаа үзүүлжээ. Ямартай ч Увс аймгийн ахмадууд хол ойрыг зорьж, амрах ая тухтай газар хайхгүйгээр аймаг орон нутгийнхаа байгалийн сайханд амрах боломжтой боллоо.
Б.Замбал
Холбоотой мэдээ