Адаацаг сумын Дашчойнхорлин хийдийн лам нар шинэ дуганаа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-21 23:44:27
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Адаацаг сумын Дашчойнхорлин хийдийн гол дуган шинээр сүндэрлэлээ. Сүсэгтэн олныхоо хандив дэмээр хийдийн лам нар ханцуй шамлан дуганаа барьж эхэлснээс хойш 2 жил өнгөрсөний эцэст ийнхүү билэгт сайн өдрийг тохиолоор сүсэгтэн олондоо шинэ дуганыхаа үүдийг нээсэн байна. Хамгийн гол нь лам нар дуганаа өөрсдөө барьжээ.
Дашчойнхорлин хийд Энх-Амгалангийн 54-р он буюу 1717 онд Бага Адаацаг уулын энгэрт Цахилдагийн шанд хэмээх газар эх сууриа тавьсан түүхтэй. Түүнээс хойш 7 дацантай болж, олон эрдэмтэн ламтай, Монголын бурханы шашны томоохон төв болтлоо өргөжсөн байна. 200 гаруй жил энэ хэвээр оршин тогтноод 1940- өөд оны эхэнд үүдээ хаажээ.
1990-ээд оны эхэнд шашин, сүм хийд сэргэх үеэр нутгийнхан нь хийдээ сэргээж дахин нээсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл хурал номын дуу таслаагүй яваа хөдөөгийн цөөхөн хийдийн нэг болсон байна. Хорь гаруй ламтай, тогтмол хурал номтой, Дундговь аймгийн төв, хөдөө төдийгүй зэргэлдээ аймаг сумаас сүсэгтэн олон энэ хийдийг зорин очдог ажээ.
Монголын бурхан шашин сэргэж, сүм хийдүүд үүдээ нээсэн түүхэн үед Дундговь аймагт олон сүм хийд сэргэж, сум бүр өөрийн гэсэн хийдтэй, бурхан тахил, хурал номтой болоод байсан. Гэвч залуу лам хуврагууд номын мөр хөөж Улаанбаатарыг зорьж, эргээд хийддээ ирдэг нь ховордсоноор хөдөөгийн сүм хийд дахиад үүдээ барихад хүрсэн дүр зураг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм.
Харин Адаацаг сумын Дашчойнхорлин хийдийн хувьд лам хуврагагүй болж үүдээ барих дээрээ тулаагүй. Хийдийнхээ хойч үеийг тасралтгүй бэлдэж чадсанаар үйл ажиллагаа нь маш сайн тогтворжсон хэмээн даа лам Г. Эрдэнэбат ярилаа. Өдгөө хийдийн хамгийн ахмад настай лам нь 97- той, хамгийн залуу нь 16 настай. Лам нарын ихэнх нь Шашны дээд сургууль төгссөн. Одоо хоёр залуу лам Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд цаашид ч хийдийн боловсон хүчний залгамж алдагдахгүй гэсэн итгэлтэй байдаг гэлээ.
Хийдийн гол сахиус нь Лхам бурхан. Хийдэд уламжлал болсон Чогчин хурал, Майдар эргэх, Бумбаны тахилга зэрэг шашин номын зан үйлийг сүсэгтэн олон зорин ирж заншсан бөгөөд тэдэндээ зориулж, нөгөө талаар Монгол сүм хийдийн хөгжилд хувь нэмэр оруулж шинэ дуганаа өөрсдийн гараар ийнхүү бүтээснээрээ хийдийн лам нар бахархаж байна.
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ