Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар 500 гаруй иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-25 12:14:14
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажиллагаа Дундговь аймагт хуулийн дагуу өглөө 9 цагт эхэлсэн. Дундговь аймгийн 15 суманд санал авах 46 байр ажиллаж байгаа бөгөөд эдгээрт 511 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлт ирүүлжээ. Үүнээс 3 иргэн бичиг баримтгүй, сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй тул нийт 508 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгнө гэдгийг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан,  захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, байцаан шийтгэх албадлагаар цагдан хоригдсон иргэд болон сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технолологийн даамлууд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хуулийн заалттай.
Санал авах ажиллагаа орой 20 цагт дуусна. Санал авах байрууд маргааш өглөө 7 цагт санал хураалт эхлэхийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Дундговь аймгийн хувьд, энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулахаар аймаг, сумын сонгуулийн хороонд 86, санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар 248, мэдээллийн технологийн багт 5 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 48 ажилтан, мэдээллийн технологийн 71 даамал тус тус ажиллаж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ