Латви Иракт цэргээ илгээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-02 12:23:43

РИГА. /RIA Novosti/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд цэргүүдээ Иракт илгээх боломжийг Латвийн Батлан хамгаалах яам судалж байна гэж тус яамны төлөөлөгч Каспар Галкин мэдээлжээ.

Гэхдээ Латвийн цэргүүдийг “Лалын улс”-ын эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд оролцуулах талаар одоогоор яригдаагүй гэж тэрбээр хэлсэн байна. Галкины хэлснээр, Латвийн цэргүүд одоо Афганистанд явуулж байгаатай адил террористуудтай тэмцэхэд Иракийн цэргүүдэд туслахаар тус улсад байрлаж магадгүй.

Террорист “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцлийг зохицуулах зорилгоор АНУ холбоотнуудын хамт олон улсын эвсэл байгуулсан бөгөөд энэ эвсэлд Латви нэгдсэн билээ. Одоогоор тус улс энэ ажиллагаанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэлбэрээр оролцож байгаа юм.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Иракийн цэргийн анги нэгтгэлүүдийг бэлтгэх зорилгоор тус улсад цэргүүдээ илгээх асуудлыг одоогийн байдлаар мөн Эстони улс судалж байгаа аж.

Латви 2004 онд НАТО-д элссэн юм. Тус улсын цэргүүд Ирак, Афганистан болон Балканы хойгт явуулсан ажиллагаанд оролцож байв.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ