Өнөөдрөөс эхлэн 3 хоногт архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-25 12:31:49
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн энэ сарын 27- ныг дуустал архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг.
Энэ дагуу дээрхи захирамжийг гаргаж, тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахгүй байхыг Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байна.
Мөн сонгуулийн санал авах өдөр олон нийтийн хэв журмыг чанд сахиулан, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, ард иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг аймгийн Цагдаагийн газрын дарга болон бүх сумын Засаг дарга нарт өгчээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ