СЕХ-ноос иргэд хэрхэн саналаа өгөх тухайд зөвлөмж гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль орон даяар болж байгаатай холбогдуулж СЕХ-ноос иргэд саналаа хэрхэн өгөх тухайд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:
-Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хубилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна.
-Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө.
-Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
-Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй.
-Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
-Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.
-Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал