Одоогоор 18- 25 насны сонгогчид цөөн ирсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 11:25:06
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтыг 46 хэсэгт авч байна. Хамгийн олон сонгогч саналаа өгөх хэсэг бол Сайнцагаан сумын  Нарлаг баг дахь 626- р санал авах байр юм. Энд 2221 сонгогч санал өгнө. Санал авах байр үүдээ нээснээс хойш 11 цаг 40 минутын байдлаар 453 сонгогч буюу сонгогчдын 20 хувь нь хүрэлцэн ирж саналаа өгсөн байна.
Тус хэсэгт зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх нэг сонгогчийн хүсэлт ирсэн байна. Саналын хуудсыг өглөө санал тоолох төхөөрөмжид уншуулсан. Үүний дараа 07 цаг 02 минутад эхний сонгогч саналаа өгсөн. 7 зохион байгуулагч, мэдээллийн технологийн 2 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2 ажилтан санал авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Сонгуульд оролцож байгаа улс төрийн 3 намаас 10 ажиглагч хяналт тавьж байна гэж санал авах байрын ахлах зохион байгуулагч Б. Адъяасүрэн мэдээлэл өглөө. 
626- р санал авах байрт санал өгөх сонгогчдоос 29 нь түр хасав тэмдэглэгээтэй. Одоогийн байдлаар саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь 56- аас дээш насны сонгогч байгаа бол дараа нь 41- 55 насны сонгогчид идэвхитэй өгчээ.Харин 18- 25 насны дөнгөж 34 сонгогч санал өгч, одоогоор идэвхи сул байна.
Санал тоолох төхөөрөмж хэвийн, сонгогчид тэмдэглэгээ хийсэн саналын хуудсаа хавтсанд хавчуулан санал тоолох төхөөрөмжид уншуулж байна.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ