Дөрвөлжин булшин дээрх хадны сүг зургийг бүртгэлжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-27 23:10:06
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас дөрвөлжин булшин дээрх хэвтээ байрлалтай хадны сүг олджээ. Тус сумын төвөөс чанх баруун тийш 40-өөд км-т орших Үмхий нуурын баруун хойдох уулын бэлээс энэхүү олдвор илэрсэн байна. Энэ сарын 9-нд Цагаан-Овоо сумын иргэдээс мэдээлэл өгч, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 14-ний өдөр газар дээр нь очиж танилцан баримтуулж бүртгэжээ.
Олдвор нь хөхөвтөр өнгөтэй дөрвөлжин булшны төв дунд хойш харсан хэвтээ байрлалтай, гурван буга, хоёр янгирыг дүрсэлсэн аж.  Урьдчилсан таамгаар дүрслэлүүд нь түгээмэл учир хүрлийн хожуу үед хамаарагдах магадлалтай гэж үзэж байна. Талбайн хэмжээ нь 750х600см, урт нь 0,80см, өргөн 0,64 см, зузаан 0,43 см байгаа юм. Ойр орчимдоо хэд хэдэн булштайгаас гадна чулуулгын бүтцийнхээ хувьд энэхүү булшыг хийхэд аль нэг газраас зөөвөрлөж авчирсан болов уу гэмээр харагдаж байсан гэж ажлын хэсгийн тайланд дурджээ.

Дашрамд дурдахад мөн энэ сард Баян-Уул сумын Эрээн багийн төвөөс хойд зүгт холгүй хар зам дээр хэвтээ байрлалтай том жижиг чулуун дээрх хадны сүг зурагтай төстэй зүйл олдсон тухай бид мэдээлсэн билээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ