М.Плачидо шинэ киногоо Москвад танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-06-28 17:07:16
МОСКВА./TASS/. “Наймаалж” олон ангит киноны комиссар Катанигийн дүрээрээ нэрд гарсан Италийн жүжигчин, найруулагч Микель Плачидо Москвагийн олон улсын 39 дүгээр кино наадамд оролцож, “Долоон минут” нийгмийн сэдэвт драмын киногоо танилцуулжээ. 

Тэрбээр мөн Москвагийн метрог очиж үзсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Дээрх кино “Мастер”-ын хөтөлбөрт багтсан ба үзэгчид уг киног лхагва гарагийн орой үзэх боломжтой. Киног дэлгэцэнд гаргахын өмнө комиссар Катани сэтгүүлчидтэй уулзах аж. “Энэ кино бол миний найруулагчийн туршлагаас давсан бүтээл. Би голчлон гэмт хэргийн тухай, цагдаагийн тухай кино хийдэг байсан. Би энэ төрөл жанраар ажиллах тавилантай хүн, үзэгчид ч гэсэн надаас гэмт хэргийн сэдэвтэй кино хийхийг хүсдэг юм” гэж найруулагч ярьсан байна. Миний бүтээсэн кинонуудын гол баатрууд нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй эмэгтэйчүүд гэдгийг Оросын олон үзэгчид мэдэх байх гэж М.Плачидо нэмж хэлжээ.

“Долоон минут” кинонд, хувьцааныхаа хяналтын багцыг нэгэн том корпорацид зарах гэж буй нэхмэлийн үйлдвэрийн эздийн тухай өгүүлдэг байна. Гэрээнд ажилчдын зөвлөл гарын үсэг зурах ёстой нэг зүйл заалт байдаг ба 11 эмэгтэй өөрсдийнхөө төлөө болон хамтран ажиллагчдынхаа төлөө энэ саналыг зөвшөөрөх эсэхийг шийдэх ёстой болдог байна.
О.Барс 

 

 

 




Холбоотой мэдээ