Дэнж багт 31 сая төгрөгөөр сайжруулсан шороон зам барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-01 17:24:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Дэнж баг урт, урт гудамтай, хангалттай худаг байдаггүй, автомашины сайжруулсан замгүй, хаягжилт муу гээд тулгамдаж буй асуудал олон. Зарим гудамжны урт нь хоёр км үргэлжилдэг.  Иймд нарийн зөрөг гаргах, налуу ихтэй хэсэгт сайжруулсан шороон зам барих, МОН2301 төслийн хүрээнд барьсан хоёр худгийг ашиглалтад оруулах шаардлагатай байгаа юм.
Тус багаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхбат эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал нарт уламжилж бодит байдлыг нь танилцууллаа. Тэд Дэнж багийн иргэдтэй уулзаж ашиглагдахгүй байгаа худаг, зарим урт гудамжуудаар зорчлоо. Уг нь энэ жил олон багт хөрөнгө оруулалт хийж байгаа ч Дэнж багт зам барих асуудал орон нутгийн төсөвт тусгагдаагүй юм. Иймд “Болзошгүй аваарь”-ийн зардлын  31 сая төгрөгөөр сайжруулсан авто зам барихаар боллоо. Зам барих хэсэг нь хэт налуу тул асфальт, бетоноор хучихад өвөл халтиргаа үүсч магадгүй гэнэ. Иймд шороон хучилттай сайжруулсан зам барих нь зүйтэй гэж Засаг дарга онцоллоо.
Мөн МОН2301 төслийн ажил дуусаагүйгээс өнгөрсөн жил барьсан ухаалаг худаг ашиглалтад орохгүй байгаа юм. Үүнээс гадна Дэнж баг гэрэлтүүлэг муутай, 2000-аад  оны үед иргэд дураараа, зөвшөөрөлгүйгээр суурьшсан тул хаягжилт замбараагүй гэнэ.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хоёр км хүртэл үргэлжлэх урт гудамж 37 байгаа ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ