Бөхийн галуудын сорилго барилдаан амралтын өдрүүдэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-03 11:40:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Их баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөхийн галууд өнгөрсөн амралтын өдрүүдэд сорилго барилдаанаа хийж энэ жил барилдах бөхчүүдийнхээ бэлтгэлийн өнгө, эрч хүчийг сонжлоо.
 
Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэжээ.

Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээний наадмын сорилго барилдаан "Боорчийн өртөө" амралтын газар болжээ. Уг барилдаанд 48 бөх зодоглож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболд үзүүрлэсэн байна. 
Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд  Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарди Н.Ганбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны бөхчүүдийн барилдаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна.

Увс аймгийн "Увс нуур" дэвжээний наадмын сорилго барилдаан болов. Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй увс нутгийн бөхчүүд болон Сэлэнгэ аймгийн "Таван хан", Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний нийт 96 бөх бөх зодогложээ.  Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй их шөвгийн гуравт шалгарлаа.

Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан М.Мустафа түрүүлж аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хорооны наадмын сорилго барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан Б.Серик түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан А.Давааням үзүүрлэсэн байна.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ