Замын сангаас 199 сая төгрөг зарцуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-03 19:52:16
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын жагсаалтыг аймгийн Засаг даргын зөвлөл хэлэлцэн баталсан байна. Нийт 199 сая төгрөгийг замын сангаас зарцуулна.ЗДТГ- ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн П. Очирбатаас үүнийг тодруулсан юм.
Гол хийх ажил нь Мандалговийн зүүн хойд дүүрэгт орших Хүүхдийн паркаас аймгийн төв рүү чиглэсэн явган хүний 1.4 км зам гэж тооцсон байна. Үүнд 105 сая 470 мянган төгрөг зарцуулна. Мандалговь хот доторхи автозамын нийт 160 кв. метр эвдрэлд нөхөөс хийж засахад 12 сая, тэмдэг, тэмдэглээ хийхэд 40 сая, сургууль, цэцэрлэгийн зэргэлдээ оршдог замуудад хурд сааруулагч шинээр хийж, хуучныг нь сэргээн засахад 2 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Мандалговийн баруун урд дүүрэгт байршдаг “Мандал” сургууль хүртэл явган хүний хоёр км замыг өнгөрсөн онд хийж дуусгасан. Нийт 197 сая төгрөг энэ замд төсөвлөгдсөн бөгөөд 39 сая 470 мянган төгрөг дутуу байсныг замын сангаас энэ онд нөхөж өгнө. Ингээд замын сангаас энэ онд 199 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аймгийн төвд шингэхээр болж байна
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ