Японы талаас Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэл маш хомс гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-04 13:01:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон Улс хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад нэг жил болж байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнг хэлэлцэх, хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох зорилго бүхий “Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VIII зөвлөлдөх уулзалт” өнөөдөр ГХЯ-нд болов.

Энэхүү хэлэлцээрээр Монголын тал 97 бүлгийн 7200 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх эсхүл 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулахаар тохирсон. 2015 онд Монгол, Японы гадаад худалдааны бараа эргэлт 300 сая ам.доллар байсан бол хэлэлцээр байгуулснаар 2016 онд 336 сая ам.доллар болж өсчээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 18.8 хувиар өсөөд байгаа юм. Гэхдээ нийт худалдааны 96 хувийг Японоос Монгол руу чиглэсэн экспорт эзэлж байгааг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд онцлов.

Одоогоор Монголын 40 гаруй аж ахуйн нэгж ноос, ноолуур, адууны хөлдөөсөн мах болон гар урлалын цөөн тооны бүтээгдэхүүнийг Япон улсад экспортолж байна. Харин Япон улсаас автомашин болон дагалдах хэрэгсэл, сэлбэг зэргийг түлхүү нийлүүлж байгаа аж. Гэвч Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт нарийвчлан тусгах хэд хэдэн зүйл байгаа гэдгийг МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг хэллээ.

Тэрбээр, “Хэлэлцээрт эсгийг татвараас чөлөөлнө гэсэн ерөнхий заалт орсон. Эсгий гэхээр бид түүгээр бүтээсэн бүхий л барааг татвараас чөлөөлөх боломжтой гэж харж байсан юм. Гэтэл эсгийгээр хийсэн улавч болон бусад бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх боломжгүй болоод байгаа юм. Энэ мэт нарийн заалтууд оруулах шаардлагатай байгаа” гэв.

Түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байгаа тул тодорхой дүгнэлт хэлэхэд эрт байгааг Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Худалдааны бодлогын газрын дэд захирал Акихико Тамүра дурьдаад, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад л Монголоос Япон руу чиглэсэн экспорт нэмэгдэх боломжгүй. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Монголын талыг анхааралдаа авч, шийдвэрлээсэй гэсэн хэд хэдэн асуудал бий. Энэ оны хоёрдугаар сард манай яамны төлөөлөл Монголын ноолуур, чацаргана, сүүн бүтээгдэхүүнийг хэрхэн Япон улс руу экспортод гаргах вэ гэдэгт судалгаа хийсэн. Би зөвхөн ноолуураар нь жишээ авч ярьмаар байна. Экспортод гаргахын тулд нэн тэргүүнд ноолуурын чанарыг тодорхойлох нь хэрэгтэй. Гэтэл Монгол олон улсын стандартад нийцсэн чанарын тогтолцоог нэвтрүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй. Монголчууд ноолуурыг түүхий эд хэлбэрээр гаргахаас татгалзаж байгаа ч дотооддоо утас ээрэх үйлдвэр цөөн байна. Цөөн хэдэн үйлдвэрт тоног төхөөрөмж болон хүний нөөцийн менежмент хийх шаардлагатай байгаа юм. Энэ бүхний эцэст Япон улсын шаардлагыг хангах, манай зах зээлд борлуулах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээв.

Монгол улсад бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бий. Тиймээс Засгийн газраас түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингээх чиглэлд ихээхэн анхаарах болсон. Японы Улс инноваци шингээсэн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж үйлдвэрлэдгээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тиймээс Монголын талаас түүхий эд, Японоос технологио нэгтгэж, хамтарсан үйлдвэр байгуулан, гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй юм. Ингэснээр эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих томоохон боломж бүрдэнэ гэдгийг МҮХАҮТ-ийн орлогч дарга МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлж байв.

Тэрбээр, “Монгол Улсаас ОХУ, БНХАУ-ын томоохон зах зээлд нэвтрэх боломж бүрэн бий. Түүнчлэн ОХУ-аар дамжин Европын орнууд руу бүтээгдэхүүн гаргах ч боломжтой.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-аас хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд судалгаа хийсэн. Энэ судалгаанд гурван үндсэн асуудал байна. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжүүд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар мэдээлэл маш муу. Хоёрдугаарт, Монголын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тогтворгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа дунд болон урт хугацаанд төлөвлөж чадахгүй байгаа юм.Гуравдугаарт, Монголын дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэл маш хомс. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид манай аж ахуйн нэгжүүдээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэх зэрэг олон төрлийн мэдээлэл авахыг хүсдэг. Гэтэл манай аж аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас өмнө үл хөдлөх болон бусад хөрөнгийнхөө талаар л мэдээлэл өгдөг. Энэ нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа. Зөвлөлдөх уулзалтын дараа МҮХАҮТ-д хоёр орны бизнес эрхлэгчдийн семинар болно. Уг семинарт Монголын 150, Японы 60 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Энэ үеэр дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ