Зөвхөн Дундговийн биш хөрш аймгийн нутагт эрэн, хайх аврах ажиллагааг явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-06 15:00:57
Дундговь/МОНЦАМЭ/Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Энэ тухайд аймгийн Онцгой байдлын газрын дарга Я. Алтанхундагаас тодруулсан юм.
Монгол Улсын Гал унтраах дүрэмд 4000-аас дээш хүн амтай төв суурин газар гал унтраах нэг ангитай байхаар заасны дагуу 6 мянга гаруй хүн амтай Эрдэнэдалай суманд гал унтраах анги байгуулахаар аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байна. Үүнийг энэ онд хэрэгжүүлэхээр аймгийн Онцгой байдлын газар ОБЕГ-т хүсэлт илгээгээд байжээ. ОБЕГ-ын дарга ч өнгөрсөн хавар Эрдэнэдалай суманд ирж, гал унтраах анги байгуулан ажиллах нөхцөл боломжтой газар нь дээр танилцсан юм.
Улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан Эрдэнэдалай сумын хувьд Гал унтраах анги биш эхний удаад эрэн хайх, аврах салбар байгуулах нь зүйтэй гэж үзээд Засгийн газар дээрх шийдвэр гаргасан гэдгийг ОБГ- ын дарга Я. Алтанхундага тодотгосон юм.  
Эрэн хайх, аврах салбар шинээр байгуулагдсанаар орон нутагт онцгой байдлын үйл ажиллагаа өргөжинө. Нөгөөтэйгүүр арав гаруй хүн ажлын байртай болно. Энэ салбар нэгж зөвхөн Дундговь аймгийн баруун талын сумын нутаг дэвсгэрийг хариуцах биш хил залгаа Өвөрхангай, Төв аймгийн сумдад хүрч ажиллана. Салбарыг техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз сууриар хангахад орон нутаг анхаарал хандуулах учиртай гэж гэлээ.
Цас шуурга, салхи шороонд төөрч саатсан, мал, эд хөрөнгөө алдсан, амь нас эрүүл мэндэд нь эрсдэл тулгарч ирсэн төдийгүй гал түймэрт өртөх зэрэг гамшиг хөдөөгийн иргэдэд цөөнгүй тохиолддог. Ялангуяа цас шуурганд төөрөх, сураггүй болох тохиолдол олон гардаг байна. Энэ бүгдэд шинээр байгуулагдах эрэн хайх, аврах салбар үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах ажээ.
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ