Зээлийн хэлэлцээрийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-03 12:25:40

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс завсарлага авлаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой хэмээн мэдэгдсэн. Энэ хүрээнд хоёр улс зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон юм. Уг зээлийг жилийн 2 хувийн хүүтэй авах бөгөөд 20 жил төлөх юм. Үүнээс эхний 7 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр ерөнхий хэлэлцээрийн төсөлд тусгасан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 09-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх үед зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хэлэлцээрийн төслийг УИХ-ын гишүүдэд бүрэн тараагаагүй тул өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй. Тиймээс хэлэлцээрийн төсөлтэй нарийн танилцах шаардлагатай байгаа тул завсарлага авч байна” гэлээ.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах юм бол МАН-ын бүлэг маргааш хуралдаад санал, дүгнэлтээ гаргах боломжтой. Тиймээс маргааш бүлгийн хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороог дахин хуралдуулж уг асуудлыг хэлэлцэх саналтай байна” гэснийг  байнгын хорооны дарга хүлээж авав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ