Нэр дэвшигч М. Энхболд 13, Х. Баттулга 2 суманд давуу санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-08 14:27:45
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад Дундговь аймгийн 17391 сонгогч саналаа өглөө. Энэ нь сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 29 мянга 318 сонгогчийн 59.32 хувь болж байна.
15 сумаас хамгийн өндөр буюу 74.57 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн нь Баянжаргалан сумынхан. Тус суманд 751 сонгогч байгаагийн 560 нь саналаа өгчээ. Аймгийн төв Сайнцагаан сумын хувьд 9657 сонгогчоос 5509 нь саналаа өгсөн нь 57.05 хувь болж байна.
Санал авах 46 байр ажиллаж, саналын хүчинтэй 14 мянга 659  хуудас тоологдсон байна. Энэ нь санал тоолох төхөөрөмжөөр тоологдсон саналын хуудасны 84.29 хувь болж байна. Санал огт тэмдэглээгүй 2721 хуудас гарчээ.
Санал хураалтын урьдчилсан мэдээгээр, МАН- аас нэр дэвшигч М. Энхболд 15 сумын 13- т нь сонгогчдын давуу саналыг буюу нийт 8243 санал авсан байна. Энэ нь саналаа өгсөн сонгогчдын 47.40 хувь болж байна.
АН- аас нэр дэвшигч Х. Баттулгын хувьд Гурвансайхан, Өлзийт суманд давуу санал авсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт 6420 санал авч, сонгогчдын 36.92 хувь нь түүнийг дэмжсэн байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ