Унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр уралдуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-08 17:28:34
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн хөдөөгийн 14 сумын баяр наадам тогтоосон товын дагуу түрүүчээсээ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай захирамжийг гаргаж, хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүйгээр уралдуулахыг хориглолоо. 
Сумд энэ сарын 4- өөс эхлэн 23- ны өдөр хүртэл баяр наадмаа зохион байгуулна. Үүнээс гадна ард иргэд нь уул,овоо тахиж наадам хийх нэг бус сум байгаа юм. Аймгийн наадам ч энэ сарын сүүлчээр зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган хийхээр товлож байгаа.
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах том, жижиг аль ч наадамд, түүнчлэн хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, мялаалга, хурим, найр, уул овооны тахилгын уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаанд уралдаанч хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүйгээр уралдуулахыг аймгийн Засаг дарга ийнхүү хориглосон байна.
Заавал стандарт шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсгөж уралдаанд оролцуулахыг “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц. Ганхүү болон сумын Засаг дарга нарт үүрэг болгож,  хамгаалалтын хувцас, хэрэгслийг хүүхдэд өмсгөсөн эсэхэд хяналт тавьж, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар,Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт өгчээ.
Энэ захирамжаас гадна “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах тухай” 02 тоот албан даалгаварыг гаргаж, холбогдох бүх байгууллага, эцэг эх, хүүхэд хамгааллын баг, сум,багийн Засаг дарга нарт уг албан даалгаварыг хэрэгжүүлж ажиллахыг сануулсан байна.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ