Дундговь аймагт Монгол Улсын Гавъяат цолтой малчин нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-09 21:35:08
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Луус сумын малчин Д. Эрдэнэчулуун Монгол Улсын гавъяат малчин цолоор шагнуулж, өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа. Тэрээр энэ цолыг хүртсэн Дундговь аймгийн гурав дахь малчин болж байна.
Анх 2002 онд Өлзийт сумын малчин Х. Отгон, удаад нь 2005 онд Адаацаг сумын малчин Ж. Дашзэвэг нар Монгол Улсын гавъяат малчин болж байсан бол 12 жилийн дараа малчин Д. Эрдэнэчулуун ийнхүү малчны хөдөлмөр зүтгэлийг төрд өндрөөр үнэлүүллээ. Тэрээр 40 гаруй жил мал аж ахуйн хөдөлмөр эрхлэж яваа, нутаг ус, аймаг орондоо хүндлэгдсэн, хашир туршлагатай малчдын нэг бөгөөд төрийн наадамд Дундговийн нэрийг гаргадаг хурдан шандаст хүлгүүдээрээ алдартай, Монгол Улсын манлай уяач хүн юм.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил,  Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ өнөөдөр ийнхүү шагнасаны дотор малчин Д. Эрдэнэчулуунаас гадна Дундговь аймгийн уугуул зургаан иргэн Монгол Улсын гавъяат цол, төрийн дээд одон хүлээн авсан юм
Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Нийслэлийн 92- р сургуулийн захирал Д. Октябрь, Адаацаг сумын уугуул, нийслэлийн 33- р сургуулийн ахмад багш З. Янжмаа, Эрдэнэдалай сумын уугуул нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ө. Цэндсүрэн нар Монгол Улсын гавъяат багш, Сайнцагаан сумын уугуул Gold’s gym фитнесс клубын тамирчин, багш дасгалжуулагч Г. Дорж Монгол Улсын Гавъяат тамирчин, Өлзийт сумын уугуул,Нийслэлийн Хан- Уул дүүргийн иргэн, ахмад эм зүйч Д. Сэржмядаг Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолоор тус тус шагнууллаа.
Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р. Эрдэнэбүрэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг энгэртээ зүүж, төрөлх сумынхаа хүн ардын ая тухтай аж төрөх нөхцлийг бүрдүүлэн, сум орон нутгаа улсдаа үлгэр дууриал болохуйцаар хөгжүүлж яваа хөдөлмөр зүтгэлээ төрдөө өндрөөр үнэлүүллээ.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ