Аймгийн арслан У.Береке түрүүлж хурц чимэг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-13 10:25:05
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн баяр наадмын  хүчит бөхийн барилдаанд Цэнгэл сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээ, "СС Монголиа" ХХК-ийн бөх аймгийн арслан Улыхпаны Береке түрүүлж хурц чимэг, Алтай сумын харьяат, Сайнбилэгийн Бат-Үүл үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар  тав давсан Толбо сумын харьяат, сумын заан Т.Жархынд аймгийн начин цол, зургаа давж шөвгөрсөн  Буянт сумын харьяат сумын заан А.АйбекНогооннуур сумын залуу бөх Д.Гантөмөр нарт аймгийн харцага цолыг тус тус олгов.

Аймгийн хурц арслан У.Береке  1989 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрсөн. Цэнгэл сумын ахлах сургууль, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг үндэсний бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсжээ.

2011 онд Цэнгэл сумын наадамд түрүүлж сумын заан цол, 2013 онд Ардын хувьсгалын 92 жилийн ой, Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол, 2015 онд зургаа давж аймгийн харцага, 2016 онд Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Баян-Өлгий аймгийн баяр наадмаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж наадамчин олноо баясгаж байсан. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ