Умард Солонгосын эрдэмтдээ шагнав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-13 13:26:46
ПХЕНЬЯН./TASS/. “Хвасон-14” тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсан нь манай улсын стратегийн байр суурийг үндсээр нь өөрчиллөө гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжиллаа.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам болон Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун баллистик пуужинг туршихад оролцсон эрдэмтдэд шагнал гардуулах ёслолд оролцон үг хэлжээ. Уг ёслол Пхеньян хотын “Мансүдэ” гэдэг их хурлын ордонд болсон байна. 

“Энэхүү үйл явдал нь улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ цөмийн хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн намын чиг шугам зөв болохыг нотлон харууллаа” гэж Умард Солонгосын удирдагч дүгнэжээ.

Тив алгасах баллистик пуужинг зохион бүтээж, туршихад гарамгай хувь нэмэр оруулсан эрдэмтдийг Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнаж, БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Удирдагч Ким Жөн Ун шагнал хүртсэн хүмүүстэй хамт зургаа авахуулж, тэдэнд хандан “БНАСАУ-ыг цөмийн гүрэн болгохын тулд хамгийн хүчтэй стратегийн зэвсгийг чанарын өндөр түвшинд, хурдан явцтайгаар зохион бүтээхийг” уриаллаа.

КСNA агентлагийн мэдээлснээр, удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөн турших тухай тушаалд 7 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан байна.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ